АМИН СҮЛДЭЭ ЭРЭХҮЙ
ГУРАМСАН ЯРИА 1980 оны Москвагийн олимпийн дараа манай цөөн сэхээтэн ЗХУ-ын коммунист систем задрах тухай шивнэлдэх болсон юм. 1981 онд Монгол хүн сансарт ниссэний дараа улс орон даяарх хөөр бахдлын шуугиан дор ийм яриа архины даруулга болох нь ихсэв. Ялангуяа үндэсний үзлээсээ болж гадуурхагдсан зохиолчид удахгүй ирэх системийн задралын тухай зоригтой өгүүлцгээж байлаа. Гэхдээ мэдээж ханцуй дотроо. Төмөр хөшигний хоёр талд гарсан хоёр системийн үзэл суртлын тулаанд ялахын тулд дэндүү их үнэ төлж, олимпын наадам, сансарын хөтөлбөрт хэр хэмжээнээсээ хэтийдсэн хөрөнгө, хүч хаяж байгаа нь ойрын хорин жилд ЗХУ-ыг эдийн засгийн хувьд сөхрүүлэх нь тодорхой гэлцэнэ. Тэгээд л “Пүннннн....”. Цөм нь хагарахад систем бүхэлдээ нурна. Тэр цагт манай улс хаачих вэ? Энэ л тэдний тархийг гашилгаж байсан юм. Тэр цагт гадуурхагдаж явсан үндэсний үзэлтнүүд болох Н.Нямдорж, Л.Нямаа, Т.Галсан, Го.Мижиддорж, Л.Лувсандорж, Ж.Зана гэх мэт хэдэн зохиолч дөчин мянгатын “Ширээний теннисний клуб”-тэй 21-р байранд...