ТҮҮДЭГ ТОГМИД



ГАЦУУРЫН ТӨГӨЛ 1: НАМРЫН СҮЛД МОД

Өнөөгийн донтсон хөгжлөөс алслагдан тасарч, өнгөрсөн зуунд орхигдсон Нарст хөндийд 21 дүгээр зууны 17 дугаар оны намрын эхэн сарын наран мандав. Зутруу аж төрөх айлуудын хэдэн бор гэрийг алсаас ажихад тараагаад цацсан атгахан шагай шиг үзэгдэнэ. Захын навтгар гэрээс “түүдэг” Тогмид сүх барин гарч ирэхүйд, аавынх нь балт сүх турьхан биед нь томдоод, Тогмид сүх барьсан гэхээсээ илүү сүхэнд Тогмидыг бэхэлсэн аятай харагдана. Өглөөний урьгүй нар тусах гэрийн зүүнтэй цомцойн суугаад бяцхан алгаа амьсгалаараа бүлээцүүлж буй дүү Жигмэдэд өврөөсөө хуруун чинээ ааруул гаргаж өгөөд толгойг нь илж, дэргэдээс нь чаргаа аваад хойш чиглэн алхав. Энэ сэрүүн хөндийд анхны цас яагаа ч үгүй эрт унаж, бүхэлдээ цасан хөнжилд хучигджээ.

Тогмидын бага ахуйд Нарст хөндий ус, мод жигдрэн халиурч намартаа самар, жимсээр бялхаж байж дээ. Алсаас дүнхийн цэнхэртэх Суварга хайрханы наахантаа сүндэрлэх уул өөд аавыгаа даган явж шуудай дүүртэл самар түүгээд буцахдаа гацуурын төгөлд амарч, ээжийнхээ хайрч өгсөн хайлмагийг амтархан идээд нар тусах цоорхойд ханатлаа инээлдэн тоглодогсон. Тэр мөчүүдэд л Тогмид халуун дулаан баяр хөөрийг ханатлаа амталдаг байжээ.  

Харамсалтай нь, уржнан жилийн тэр нэгэн шөнө Жигмэд ойр ойрхон цочин чарлаж, цог шиг болтлоо халуурч өвдсөн юм. Арга ядсан аав нь тэр хавьдаа л бүхнийг мэддэг, чаддаг Хөвчийн Дамба гуайг залахаар гацуурын төгөл өөд чөдрийн ганц борлогоо унан хар хурдаараа давхижээ. Даанч эргэж ирсэнгүй. Хар үүрээр хажуу айлын Чанцал эмээ аягатай усанд тугалга цутган ширгэлж, дүүгийнх нь бие ч дээрдлээ. Ер нь ч төрсөн цагаасаа л өвчин эмгэгт өртөмтгий, тэнхэл дорой хүүхэд учраас бүгд л түүнийг “нас богинотой” хэмээн ярьцгаана. 

Аав нь тэр шөнөдөө ч, маргааш нь ч сураггүй. Хоёр өдрийн хойно хөвчийн Дамба гуай руу хүн явуулж сураглатал аавыг нь “ирээгүй” гэсэн хариу өгчээ. Хөндийн хэдэн айл бужигнаж, зам дагуу эрэл сурал болсоор, алтны уурхайн цооногт морьтойгоо хэвтэж байсныг олжээ. Аав нь хэдийн тэнгэрт хальсан агаад урд хөл нь хугарч гэмтсэн борлог морь босож чадахгүй, амь тавихын наахнуур байж. Ингэж л Тогмид дөнгөж есөн настай, Жигмэд тавхан насандаа өнчрөн хоцорсон юм. Тогмидод аавынх нь тас тасхийсэн инээд ахин сонсогдохгүйн дээр, газар дээрх цорын ганц баяр жаргал нь үүрд алдуураад одсон мэт санагдаж, анхандаа үүнд Жигмэдийг буруутган хатуурхдаг байснаа, удалгүй юмны наад цаадхыг ойлгохтой болж, аавын элбэрэл энхрийлэл гээчийг үл мэдэх өөдөсхөн насандаа өнчрөн үлдсэн, тэр тусмаа нас охор дүүгээ жигтэй ихээр өрөвдөх болжээ. Үг дуу цөөтэй гэхэд багадахаар, бүр огт дуугардаггүй, инээж хөөрөх гээчийг мэддэггүй Жигмэд хар үүрээр босож, нар даган гэр тойрч суусаар өдрийг барна. Ахынх нь олж ирсэн Хүдэр нэртэй халтар гөлөг л хаяа өвөрт нь шургаж хань бараа болох ажээ. 

Түүдэг Тогмид чаргаа чирэн тэртээ хойно харагдах гацуурын төгөлийг чиглэн явсаар. Өдгөө, энд тэнд ёрдойх цөөн хэдхэн гацуур үлдсэн энэ газарт “төгөл” гэх нэр л үлдэж дээ. Тогмид уйтгарлан ганцаардахаас өөрийг үл мэдэх дүүдээ аавынх нь өөрт нь өгдөг байсан тэр баяр хөөрийг амсуулахаар яваа нь энэ. Хэдийгээр намарын эхэн сар ч гэлээ, хөндийг бүрхсэн цас чарга гулгахуйц болсон тул төгөлөөс хамгийн өнгөлөг гацуурыг авчирч, зунжин модоор зорсон морь, хонь, нохой, хэрэм тэргүүтэй хэдэн тоглоомоо өлгөөд гоёмсог сүлд мод босгохоор зорьжээ. Тэрбээр, сүлд модыг монголчууд шинэ жилээр л засдагийг мэдэхгүйдээ бус, зүгээр л, баяр жаргал хөглөдөг зүйл мэтээр төсөөлдөг юм. Учир юу гэвээс, аав нь гацуурын төгөлийн хамгийн өнгөлөг модонд өөрийнхөө урласан арван хоёр жилийн дүрстэй тоглоомуудыг өлгөөд, намар яг өдийд, самарт явах үедээ хүүгийнхээ хамт түүнээ тойрон бүжиж, гал ноцтол инээлдэн баясалддаг байсансан. Харуусалтай нь, алтны үндсэн орд гээчийг ухахаар ирсэн уурхайчид гол ус ширгээн, хөндийг тамын орон болгон онгилж орхиод явсны дараа уурхайн үлдээсэн сэгэн дээр цуглах хэрээ шиг шил даран ирсэн “нинжа” гээч гайхлууд хөндийд гэр майхнаа барьж тосгон аятай сууцгаагаад мод бутыг хайр найргүй тасдаж, эндэхийн ан амьтад хийгээд шувуудыг хоосортол хүйс тэмтэрч эхэлжээ. Байгалийн зандалчидтай сөргөлддөг нь Тогмидын аав, бас хөвчийн Дамба гуай болон түүний хүү “модтой ярьдаг” Молом гурав л байж. Гэвч, хөгжлөөс төдийгүй хуулиас алслагдан тасарсан Нарст хөндийд хүч чадал, хүний олон л хуулийг орлох учраас Моломын баруун хөл тэдний царилд бүдүүн гуяараа хуга цохиулснаар энэ тулаан түр намжсан билээ. Ялалтандаа оодорсон зандалчид ааваас нь хойш бүүр даварч, дулаан тухтай гацуурын төгөлд гэр майхнаа барьж багшралдан суух болсон юм. Тэгж тэгж, хөвчийн Дамбын сум тавьж дүвчигнэх болсноос эмээсэн үү, эсвэл энэ хөндийн алт шавхарч дууссан уу, бүү мэд, өнгөрсөн хавар тэд салхинд хийссэн утаа шиг арилсан юмдаг. Өнөд сүндэрлэх мэт санагдаж асан сүлд модыг нь хөрөөдөж, аавынх нь урласан модон амьтадыг хугачин гишгэлж хаясныг тэднийг явсан хойно хүү нь олж авчээ.

Тогмидын хөл дор шинэхэн цас нэгэн хэмээр чахран дуугарч өгссөөр, гацуурын төгөлийн наахантай амсхийв. Энэ хавьдаа өег дулаан гацуурын төгөл хязгааргүй цасан далай дундах хуурай арал мэт ширхэг ч цасгүй бараантан харагдана. “Хүү минь. Байгаль дэлхийдээ заавал өгч байж авдаг учиртай шүү” гэж аавынхаа хэлдэг байсан үгийг санан, чарган дээрээ чирч чадах хэмжээгээрээ цас овоолон ачаад, дааж ядан мөлхсөөр, бага үдийн хэрд гацуурын төгөлд ирлээ. Хожуул дээр сандайлан сууж амьсгалаа дарангаа хатсан боорцог өврөөсөө гарган мэрээд, чарган дээрх цаснаас сайртсан алгаараа атган амандаа хийж хүлхэв. Эргэн тойрны хэдэн модыг ажиглангаа, мөчир нь жигд сагсайн ургасан өндөр залуухан гацуур дээр харц нь тусчээ. Тэрээр яаралгүй босож, чирч авчирсан цасаа хэдэн модны ёроолд жигд хуваан асгалаа. Бяцхан гараа хөлдтөл чарганд зөөж овоолсон цас нь хуурай өндөрлөгт ургасан хэдэн модны ч болтугай голыг чийглэн амьдрах нас нэмж байгаа гэж бодохоор сэтгэл нь цэлмэн, бээрсэн алгаа хэд үрээд мөнөөх гацуурыг цавчив. Аниргүй хөндийд тасхийх чимээ нэгэн хэмээр цуурайтаж эхэллээ. Удалгүй өндөр саглагар гацуур их дуу чимээ гарган хазайж чанх дээрээс нь унаж буйг харсан Тогмид арагш яаран ухрахдаа чарганд хөл нь тээглээд, дагзаараа мөлгөр хар чулуун дээр савж унажээ. Тасхийх чимээ гарснаа таг харанхуйлав.

Нэг мэдэхнээ Тогмид агаарт хөөрч, саглагар ногоон гацуурын дэргэд хэвтэх өөрийнхөө биеийг олж харжээ. “Би ингээд л үхчихлээ гэж үү дээ?” гэж бодсон ч, гайхалтай нь огт цочиж балмагдсангүй, ер бусын тайван байлаа. Хэзээ ч үзэж байгаагүй тийм амгалан тайван мэдрэмж. Доошилж биедээ хүрэх гэтэл гар байсангүй. Өөрийгөө хартал хөл, гар үгүй, тэр ч байтугай толгой хүзүү ч үгүй савангийн хөөсөн бөмбөлөг шиг л юм болжээ. Тэрбээр хөндлөнгөөс үл харагдах агаад, сайтар ажиглавал хэсэгхэн усны уур аятай л үзэгдэнэ. Цаг хугацаа гээч юм үгүй болчихсон аятай, хичнээн ч удсаныг бүү мэд. Нэг л анзаарахуйд энд төрөөд, удаан амьдарсан мэт шинэ биедээ дасжээ. Энэ бөмбөлөг төсөөллөөр хэлбэрждэг юм байна. Гараа сунгаж төсөөлөхөд гар гараад л ирнэ. Харъя гэсэн бүхэн нь тодоос тод харагдана. Бодол санаа нь юунд ч хоригдож баригдахгүй хурц тодын дээр, бие нь шинэ бодол санаа шигээ орон зайд үл хязгаарлагдах ажээ. Түүдэг Тогмидын санаанд гэрийнхээ гадаа үлдсэн дүү нь орох агшинд хэдий нь гэрийнхээ дэргэд байж байх нь тэр. Тогмид явсангүй, ниссэнгүй, энд ирсэнгүй. Ердөө бодох агшинд хэдий нь энд байж байлаа. Үдийн наранд дулаацсан дүүгийнх нь өвөрт Хүдэр эрхлэн тоглоно. Үзүүр дээрээ дугираг хар мэнгэтэй шантгар хамарт нь ах нь бараг тулаад урдаас нь ширтэж байхад Жигмэд юу ч үл анзаарч, ямар нэг юм шулганан гөлгөө эрхлүүлсээр. Харин Хүдэр зогтусан Тогмидын зүг толгойгоо гилжийлгэн харснаа, айж цочирдсон мэт сүүлээ хавчин Жигмэдийн өвөрт шургав. 

Ийм биетэй байх тун хөгжилтэй юм. “Ээж юу хийж байгаа бол” гэж бодох төдийд л гэр дотор байж байна. Тогмид хаалгаар орсонгүй, бас хана туурга нэвтэлсэн эсэх нь бүү мэд. Ердөө л гэр дотор байж байх нь гайхмаар. Ээж нь хамар эсгэм хурц сайхан үнэртэй хайлмаг хайрч байхдаа цочих мэт давхийснээ, эргээд ажлаа үргэлжлүүлэв. Бэлбэсэн ээж нь хоёр хүүгээ өсгөх гэж гадаа гарахдаа эр болж, гэрт орохдоо эм болон борви бохисхийлгүй зүтгэдэг болоод ч тэр үү, хүүхэд энхрийлж эрхлүүлэх гээчийг мэддэггүй хүн. Харин одоо л, гаднаа харагддаггүй ч дотор сэтгэлдээ гэрэлтэж байдаг хязгааргүй их хайрыг нь хүү нь нэвт харж, мэдэрч байлаа. Тогмидын төрсөн цагаасаа хойш амссан хамгийн гайхалтай амт ээжийнх нь хайрдаг хайлмаг боловч яаж ч мэрийгээд идэж, амталж чадсангүй. Харин үнэр нь хүний биед байхдаа үнэрлэж байснаас ч илүү таатай ажээ. Сүнс үнэрээр хооллодог гэж настангууд ярьдаг нь энэ юм болов уу? 

Тэрээр гэр дотроо дэмий баахан тойрч эргэж байгаад уйссан бололтой. Санаанд нь гацуурын төгөлд орхисон бие нь оронгуут хэдий нь биеийнхээ дэргэд байж байв. Чимээ аниргүй хэсэг байтал урд нь халуун бүлээн зүйл мэдрэгдлээ. Нүдэнд нь тогоон чинээ суунагласан утаа шиг юм харагдсанаа нүүр, ам тодров. Тэрээр нуугисан бүдэгхэн дуугаар:

- Би ойн савдаг. Хүү минь, чи миний ойн нэг хэсгийг тасдчихлаа гэж бувтнав. Зэмлэх бус, харин ч аргадах мэт өнгө аястай энэ дуу яагаад ч юм, их л дотно санагдахуйд Тогмид гэмшингүй толгой гудайхад ойн савдаг:

- Санаа зоволтгүй ээ. Моднууд олон зүйлийг мэдэрч, хайрлаж, бас хүсдэг. Тэр гацуурын хүсэл нь бусдад баяр жаргал өгөх байсан юм. Чи түүний хүссэнийг л хийсэн. Дэлхий ээжийн биеэс ургасан бүхний зорилго нь өгөх л байдаг юм. Өгөх гээч нь хайр. Моднууд хайрыг үндэс, навчаараа мэдэрдэг. Энэ хайраа бусадтай хуваалцах сан гэж боддог. Мод бол ургасан хайр юм. 

- Өөрийгөө бусдад өгөх гэж үү?

- Чи бол өөр нэгэн би. Би ч бас л нэг чи. Дэлхий ээжийн хувьд бусад гэж үгүй. Дэлхий дээр оршин буй бүхэн нэг. Чиний цавчиж унагадаг гацуур та хоёрын биеийг бүрдүүлдэг бүх эд эс дэлхийн эсүүд учраас буцаад л дэлхийдээ шингэнэ. Чиний амьдарч байсан ертөнцөд л юмс тусдаа мэт үзэгддэг болохоос эрчим долгисын энэ ертөнцөд буй бүхэн нэгдмэл. Тэр ч байтугай та нарын цаг хугацаа гэж нэрлэдэг юмс ч нэг. Чи өөрийнхөө өнгөрсөн, ирээдүй гэж боддог байсан цагтаа одоо хамт оршиж байгаа шүү. Яагаад туршаад үзэж болохгүй гэж. Ядаж л зугаатай байлгүй гээд нуг нуг инээв. “Утаа шиг дуу чимээ байдаг л юм байна” гэж бодсон Тогмид цавчиж унагасан гацуураа хараад санаа зовнив. Аавынх нь осолдсон уурхай энэ хөндийн бүх алтыг хэдхэн жилд ховх сороод зогсохгүй хөрсний усыг ч шавхаж хуурай саарь болгосон. Дараа нь ирсэн “нинжа” гээч хүн сүрэг уурхайн онгилж хаясан газрыг ахин ухаж бөөн цооног, нүх болгож хаяад явсан. Ийм янзаараа хүмүүст төдийгүй байгаль дэлхийд ирээдүй үлдсэн гэж үү? Очсон газар бүрээ хоосортол нь ховх сорж мөхөөгөөд, шинэ орон зай хайж эцсийн нөөцийг нь шавхан үржиж байдаг хүн гээч энэ аймшигт “вирус” байгаль дэлхийд ирээдүй үлдээнэ гэж үү? Тогмидод гэнэт ирээдүйг харна гэхээс айдас төрөв. Тэрбээр арагш ухарсан ч нэгэнт ирээдүйн тухай төсөөлөлд автсан тул тэндээ байж байх нь тэр.

ИРЭЭДҮЙД АЯЛСАН НЬ 1: МӨХСӨН ГАРИГИЙН СҮҮЛЧИЙН ХҮНИЙ ЗАХИА

Киноны кадр солигдох шиг эргэн тойрон нь хоромхон зуурт өөрчлөгдлөө. Саяхан түүний айж байсан нь одоо харж байгаатай нь харьцуулбал юу ч биш ажээ. Нарст хөндий мод байтугай ширхэг дэрс ч үгүй үхмэл цөл болжээ. Энд тэндгүй асар том цемент, төмөр сараалжнууд ёрдойно. Тогмид ядахнаа гүрвэл ч болтугай, хөдөлж буй юм олж харахаар эргэн тойрноо шиншив. Гэвч, мөхсөн ертөнцөд амь голтой юу ч үгүй. Нар нь хүртэл бөхөж, унтарч буй мэт бүдэгхэн, бас дүнсгэр. Эргэн тойрноо харцаараа нэгжин хайсаар Суварга хайрханы чанх оройд ургасан аварга том цагаан модыг олж харав. Цас шиг цав цагаан тэр гацуурын мөчрүүд царс мод шиг махиралдан ургасан нь гайхмаар. Хэдийгээр шилмүүснүүд нь хатаж халзарсан ч энэ газар дээрх амь нь хараахан тасраагүй цорын ганц зүйл тэр байлаа. Урьд нь харах байтугай төсөөлж ч байгаагүй аварга том хөгшин цагаан гацуур үлгэрийн мэт гайхалтай ч, Тогмидын “Энд юу болоо вэ? Хүн амьтан, хорхой шавьж, ус ургамал яагаа вэ?” гэсэн асуултад хариу өгч чадахгүйгээс хойш ахин эргэн тойрноо харуулдав. Атиралдан мушгирсан гуу жалга, гэр мэт бөмбөгөр жижиг толгодын дунд ганцаараа гурвалжлан сүндэрлэсэн Суварга хайрханы бараа сүр хачин жигтэй ч, амьдрал огт байхгүй мөхсөн гариг ертөнц үзэгдэнэ. Гэтэл өмнө зүгт, уулаар баримжаалан тооцвол гацуурын төгөл оршин байсан тэр газарт хүрэл хөшөө сүндэрлэн харагдлаа. Хөшөөг дэргэдээс нь харвал хүн дүрстэй л болохоос, тийм гэж оноож нэрлэхийн аргагүй зэрэмдэглэсэн ажээ. Нүүр лүү нь шавар, ялгадас, элдэв хог шидэж цацсан нь хатаж шаваад зөвхөн өрөөсөн нүд нь үл мэдэг цухуйна. Тэндээс уй гуниг ханхлах шиг. Баруун гартаа олон салаа үзүүртэй жад гэлтэй юм барьж, зүүн гартаа сүх гэмээр зүйл атган харлаж зэрэмдэглэгдсэн энэ аймшигт хөшөөний гэрийн чинээ том цементэн суурин дотор ямар нэг зүйл байгаа бололтой. Тэрхэн агшинд Тогмид хүрэл хөшөөний хонгилд байж байв. Гадаа бүгчим халуун ч цементээр цутгасан энэ хонгилд жиндэм сэрүүн. Ханаар нь мөс зайрмагтан тогтжээ. Хойморт нь харлаж үрчийсэн өвгөний адасга нөмөрсөн шарил хэвтэнэ. Хатаж хорчийсон гарт нь том төмөр хадаас атгаатай чигээрээ хөшжээ. Нарст хөндийн, эсвэл бүр энэ гаригийн сүүлчийн хүн байж дээ. Тогмид төрж өссөн нутгийнхаа, магадгүй гариг дэлхийнхээ мөхлийн тухай юу ч мэдэж чадаагүйдээ гонсойв. Гэтэл, мөсний цаана бүдэгхэн дүрс, тэмдэгүүд байх нь нүдэнд нь тусчээ. Сэхээ орсон Тогмид алгаа гал мэт төсөөлж мөсөнд хүрэхэд тэрхэн хэсгийн мөс хайлж өөрийнх нь сайн мэдэх үсэг харагдав. Хонгилын ханаар дүүрэн ийм бичээс буй ажээ. Тэдгээр бичээсийн эхлэлийг багцаалан хайж олоод алгаараа мөсийг нь хайлуулан үсэг үсгээр нь уншиж эхлэв. Монгол хэлээр эв дүйгүй, алдаа мадагтай бичсэн ч ойлгогдож байлаа.

“Би насаа мэдэхгүй. Бараглавал 30 дөхөж яваа байх. Энэ цагтаа хамгийн өндөр настанд тооцогдоно. Урьдны хүмүүсийн дэлхийг дүүргэсэн хог, агаар, хөрсний бохирдлоос болж хүний нас аймшигтай хурдан богиноссон гэж аав хэлсэн. Миний аав бичиг үсэг мэддэг сүүлчийн хүн байлаа. Хэнд ч хэрэггүй үүнийгээ надад зааж үлдээсэн юм. Өмнөх үеийн настангуудаас сонссоноо аав надад ярьж, элсэн дээр бичдэг байлаа. Аав ярихдаа, түүнийг төрөхөөс өмнө дэлхийн бүх нөөц шавхагдаж, бүх үйлдвэр хаагдсан гэсэн. Удалгүй өлсгөлөн гаарч, уух усгүйгээс хүн амьтангүй цангаж үхэцгээн, энэ дэлхий там болж хувирсан юм. Соёл иргэншил гээч урьдны зүйл үгүй болж, эртний домогт дурьддаг хүй нэгдлийн үе эргэн ирсэн ажээ. Хүй нэгдэл ч гэж дээ, тэр үед хаашаа ч нүүсэн үлгэрт гардаг баян хангай угтаж байсан гэнэ лээ. Гэтэл идэх хүнсгүй, уух усгүй, амьтан ургамалгүй хоосорсон цөлд зэрлэгшин үлдсэн хүн сүрэгт очих газар байгаагүй. Хаа ч очсон адилхан там. Ус ургамал, байгаль сүйрсэн учраас амьтад ч мөхсөн. Тэр амьтан, ургамал гээчийг нь манай үеийн нэг ч хүн үзээгүй учраас настангуудын үгээр тааж ярьцгаадаг. Дэлхий дээр үлдсэн цорын ганц элбэг юм нь хүний хүүр л байлаа. Хүмүүс үхэхгүйн тулд хүүр идэштэн болжээ. Үүний гороор элдэв өвчин тахал тархаж, үлдсэн хүмүүсийг өлсгөлөнгөөс илүүтэй сүйрүүлж дуусгасан юм. 

Далан нас давсан эмээ, өвөөгийнхөө хамт амьдардаг байсан урьд зууны хүмүүс усанд биеэ төдийгүй гэр орноо угааж, тэнгэрээс бас ус гоождог байсан гэдэг. Мод ногоон өнгөтэй байсан агаад үй олноороо ургаж, амьтан гэгч дөрвөн хөлтөнүүд холхилдож, зарим жижиг нь тэнгэрт нисэлдэн элдэв дуу авиа гаргадаг байсан гэдэг. Бид мод ургах гээчийг мэдэхгүй. Хатсан мод зөвхөн бутарч унан үхдэгийг л мэднэ. Ийм гайхамшигтай диваажин зуу хүрэхгүй жилийн дотор л сүйджээ. Хэн ч ийм хурдан сүйрч дуусна гэж таамаглаагүй гэнлээ. Дэлхий ертөнцөд буй бүхэн хоорондоо уялдаа холбоотой учраас мөхөл ийм хурдан ирсэн гэж аав хэлдэг. Өнгөрсөн зууны хүмүүсийг бултаараа харааж зүхдэг байсан юм. Амьдралыг, дэлхийг аварч чадах байсан ч юу ч хийгээгүй хамгийн сүүлийн хараал идсэн үеийнхний босгосон хөшөөний хонгилд би үхлээ хүлээн хэвтэнэ. Хэрэгцээ нь хэдийнээ үгүй болсон ч эцгийнхээ зааж өвлүүлсэн бичгийг анхны бөгөөд эцсийн удаа ашиглан хэнд ч зориулаагүй гашуун намтраа сийлж, буланд тогтсон хөгцтэй мөсөөр хооллосоор, сүүлчийн хүн би эндээ төгсөнө. Аврал горьдлого хаа ч үгүй. Бүх зүйл дууссан…”

Цементэн хананд хадаасаар сийлж бичсэн сүүлчийн хүний эцсийн захиа ийм байлаа. Тогмид там бүтээгч 21 зууны жигшүүрт хүн хөшөөнөөс холдов. Хүмүүс амь тавихаасаа өмнө хамаг л муу муухай бүхнээ асган цацаж, хараал зүхлээрээ булж, юу гэдгийг нь танигдахын аргагүй болгосон, мангас аятай харагдах энэ хөшөө дэлхийн элгэн дээр амьдарч байгаад мөхсөн хүн төрөлхтөн хэмээх хорт хавдрын дурсгал болон дүнхийнэ.

Мөхсөн ирээдүйгээс буцаж ирсэн Тогмидын уй гашууг харсан ойн савдаг ирээдүй өөрийнх нь харсанаас өөр байж ч бас болохыг хэлэв. 

- Одоо амьдарч буй хүмүүсийн сонголтыг дагаж олон ирээдүй бүтээгдсэн байгаа. Тэдний нэг нь л чиний харсан ирээдүй. Ямар ч ирээдүй тосож болно. Тэрийг хүн өөрөө л бүтээнэ. Гагцхүү тэр цагт очиход л чиний туулж буй ирээдүйгээс бусад нь замхарч үгүй болдог. Хүсээгүйдээ бус, харин хүсч буй бүхэндээ анхаарлаа хандуул. Сүйрлийг үзэн ядсан ч түүнд анхаарал чинь чиглэснээр харин ч тэжээж байгаа юм шүү дээ. Үүний оронд дэлгэр сайхныг тэжээ. Ертөнц гэмээ нь сэтгэлээс ургаж буй зах хязгааргүй долгис юм шүү. Түүнийг сансар огторгуйн ухамсар гэж нэрлэж болно. Та нар түүнийг бурхан гэдэг шүү дээ. Нэгийг бодох төдийд л шинэ долгис үүсгэн хөдөлдөг. Энэ бүх долгис ижил ижилдээ татагдан нягтарсаар ирээдүйг нэхэж урладаг юм. Чи саяхан амьдарч байсан махан биед байхдаа энэ хязгааргүй долгисыг харж чадахгүй ч, одоо харж чадна. Анхаарч ажигла гэв. Тогмид эргэн тойрноо хэсэг ажиглатал элдэв өнгө, хэлбэрийн долгиолж мушгирсан гэрлийн цацрагуудыг олж харав. Эхэндээ бүдэгхэн, ажиглах тусам улам бүр тодрох авай. Энэ бүхэн Тогмидын дотор бяцхан найдварын оч цацруулав. Тэрбээр ирээдүйд харсан хөгшин цагаан гацуурыг энэ цаг үед ямархан байх бол хэмээн ахин харах гэж яарсан ч, гоёмсог сайхан долгист умбасаар нэг л мэдэхнээ дугхийжээ.  

Хүйтэн салхи сийгэн үлээхүйд гэнэт сэртэл үдэш болжээ. Тогмид хөдлөх гэтэл биеийг нь тугалгаар цутгачихсан мэт хүнд санагдав. Тэрбээр, унагасан гацуурынхаа нөмөрт хэвтэх биедээ эргэн оржээ. Ойн савдаг огт харагдсангүй. Зүүдэлсэн юм болов уу? Юу ч атугай дэлхий одоохондоо мөхчихөөгүй байна шүү дээ. Тогмид догдлон хашгирмаар болсон ч нойрсож буй ойг цочоохоос болгоомжилж талархалтайгаар “Ойн савдаг минь, танд гялайлаа” гэж шивнэхэд толгой дээр нь мөчрүүд чичигнэн хөдөлж шилмүүс бороо мэт асгарав. Догдолж баярласан Тогмид тайрч унагасан гацуураа нямбайлан ачаад чаргаа чирэн буцлаа. Тэргэл сарны гэрэлд зам нь цаасан дээр зурсан шугам шиг тод зурайна. 

ГАЦУУРЫН ТӨГӨЛ 2: ДУУСДАГГҮЙ ЯРИА

Тогмид гэртээ ирээд гацуураа босгож чимэглэсэнгүй. Том царанд ус дүүргээд, гэмтээгүй мөчрүүдийг нямбайлан огтолж дотор нь хийв. Дараа нь хаягдсан шуудайнууд цуглуулж, ёроолд нь хөрс шороог малын өтөг бууцтай хольж дэвсээд, хэд хоногийн дараа үндэслэсэн мөчрүүдээ суулгажээ. Гэрийн хаяанаас огт босдоггүй Жигмэд хүртэл ахдаа тус нэмэр болоод зогсохгүй, анх удаа амандаа дуу аялан баясахыг харсан ээж нь тэнгэр цэлмэх мэт инээмсгэлсэн юм. Ааваасаа хойш ээжийнхээ инээхийг хараагүй Тогмидын сэтгэл ч бялхан дүүрч, ажилдаа улам хичээн зүтгэх болжээ. Мөчир суулгасан шуудайнуудаа хаягдаж орхигдсон малын саравчинд тавьж цасаар хучаад, дээгүүр нь хуучин гэрийн бүрээс нөмрөн унтуулав. Аав нь энд тэнд унасан модны мөчрийг огтлон авч, яг л ингэж хийдэг байсансан.

Сар өдрүүд урсан өнгөрч нарст хөндийд хаврын урь оржээ. Энд тэнд цөөн хэдхэн гацуур ёрдойх хоосорсон төгөлд Жигмэд, Тогмид хоёр ядарч амьсгаадах авч, ихэд хөгжил хөөртэй ирцгээв. Тэд тэргэн дээр гуч гаруй бяцхан гацуур ачиж чиржээ. Хаа байгаа газраа дуулж явах болсон Жигмэд үе үе гацууруудаа эелдгээр илж - Жижигхэн гацуурхан өвөл хүйтэн юм аа. Гэрээсээ бид гацуурхныг Тэртээх ойд нь авчирлаа… гэж цовоо цолгиун хоолойгоор дуулна. Энэ бол дүүгийнх нь төдийгүй Тогмидын ч, бүр аавынх нь ч мэддэг хоёрхон дууны нэг юм. Нөгөө нь “Жигмэд, Тогмид хоёр” гэх хүүхдийн дуу. Аав нь чухам энэ дууны нэрээр л хүүхдүүдээ нэрлэсэн ажээ. 

Нар туссан төгөлд хоёр хүү бяцхан гацууруудаа хичээнгүйлэн суулгаж, богцноосоо хар цай, хатсан боорцог гарган цайлж амраад хажуугийн энгэрт буй Хөвчийн Дамба гуайн жижигхэн бор гэрийг чиглэн алхлаа. Дамба гуай урьд нь хот хүрээнд сууж байсан хүн. Анх Нарст хөндийд ирэхэд нь түүнийг Хүрээ Дамба гэдэг байжээ. Эрт цагт буддын шашин монголд дэлгэрснээр хүрээ хийд үүсч, түүнээ дагаад суурин амьдрах болсон юм. Энэ үеэс хүрээ хүний амьдрах ёсон гээч бий болжээ. Цагийн жамаар суурин амьдралын эрхэнд боомилогдон суусан хүрээ хүмүүс эх дэлхийгээ дээдэлсэн ёсоо шинэ амьдралдаа шингээсэн юм. Тэд арвич амьдралын, өнөөгийн хэллэгээр минималь амьдралын хэвшлийг буй болгожээ. Том, тухтай байшин барин суух боломжтой ч, хамгийн бага 4 ханат гэрт сууна. Юуг ч эдэлж хэрэглэхдээ ширхэг хог хаягдалгүй болтол ашиглаж дуусгана. Голын дэргэд хэрнээ усаа хайрлаж хямгадан, балгахан усаар нүүр гараа угаана. Олноороо шавж суугаад үржиж олшрох суурин амьдрал байгаль дэлхийг хөнөөхөөс гадна эцэстээ асар том хог хаягдалын овоолго болох учраас амин зуулгандаа дөнгөж хүрэх төдий аль болох бага хэрэглэнэ. Хөвчийн Дамба өдгөө уулын мухарт суух ч хүрээ ёсоо сахисаар авай.

Дамба гуайн өргөмөл ганц хүү “модтой ярьдаг” Моломын дуу гэрийн гаднаас хадаж, тэднийг бөөн яриа хөөрөө угтав. Зам дээр таарах цэцэг навчийг ч энхрийлэн илбэж, мод, буттай ярьж явдаг, нүүрэндээ томдсон нүдний шилтэй Молом уг нь багш болох мөрөөдөлтэй ч, диплом гээч цаасгүйгээс гэртээ өтөлж яваа хүн. Тээр жил, дөнгөж гуравхан настай, ясны өвчтэй өнчин хүүг сумын төвөөс Дамба гуай олж ирээд, эм тан буцалган анагааж хүн болгон үрчилж авсан гэдэг. Номноос хором ч салдаггүй Моломыг нутгийнхан номын цагаан солиот, хазгар, доголон, чалчаа, хэнхэг, модтой ярьдаг гэх мэтээр, үгсийн санд буй аль муу муухай бүхнээр хочилж шоолно. Ертөнцийн бүхий л зүйлийг мэддэг мэт түүний ярих нь яруу ч, сонсох хүн үгүй тул модтой ярьдаг биз. Моломыг олон үгээр нэрлэхээс залхууран “чалчаа” гэж хочилдог Тогмид элдэв яриаг нь үл тоох хэрнээ Дамба гуайн дэргэд үүнээ мэдэгдэхгүйг хичээн сонссон дүр үзүүлдэг байв.

Хоёр хүү өрөм хөвүүлсэн хийцтэй цай залгилж дулаацангаа, сонин содон яриа хүлээж чихээ дэлдийлгэн сууна. Дамба гуай үргэлж ой, тайгаар хэрэн хэсүүчилж, өвчилж гандсан моддыг арчилж анагаахын дээр сонин хачин яриагаараа хүмүүсийг харамгүй дайлдаг хүн. Энэ удаад Жигмэд, Тогмид хоёрын мод тарьж буйд ихэд хөхөн баясаж:

- Үрс минь, өнөөдөр юу сонсмоор байна даа. Үлгэр үү? Тууль уу? гэхэд Тогмид аягатай цайгаа ширээн дээр тавиад ихэд зориглон:

- Та бидэнд их амь, бага амины тухай ярьж өгөөч. Аав минь энэ тухай ярьдагсан. Одоо ихэнхийг нь мартаж орхижээ гэхэд Хөвчийн Дамба бүдүүн дуугаар пархийтэл инээж:

- Хөөрхий талийгч энэ газартаа л төрж, нарст хөндийнхөө салшгүй нэг хэсэг болсонсон гэж санаа алдаад:

- За, тэгвэл чи өвөөдөө санаж байгаагаа хэлээд аль гэв. Тогмид шилээ маажин бодолхийлж байснаа:

- Их амь гэдэг нь байгаль дэлхий, түүний ус, агаар, эрдэс, ургамал, мод гэх мэт өөрийгөө өгч бүх амьдралыг тэжээдэг амь. Харин бага амь нь их амиа идэж амьдардаг хүн, амьтан, хорхой шавьж юм. Их амь байхгүй бол бага амь болох хүн, амьтан ч байхгүй. Тиймээс бага амь нь их амиа шүтэж, дээдэлж амьдрах ёстой гэж нэг амьсгаагаар дуржигнуулж орхиод, “Буруу хэлчихээгүй байгаа даа” гэсэн мэт хулмалзав. Хөвчийн Дамба сайшаасан аятай толгой дохин улам чанга дуугаар инээгээд:

- За, бараг л зөв дөө хө. Гэхдээ миний энэ ам чиний эцэгт их, бага амь гэж бураагүй л байлтай. Эх, үр амь л гэдэгсэн дээ. Яахав, утга нь ижил юм даа гээд эгцлэн сууж:

- Ертөнцөд оршигч бүхэн Эх, үр амь юм шүү. Өөрөөсөө өгч амьдардаг нь Эх амь. Түүнээс авч амьдардаг нь үр амь. Хүмүүн хийгээд амьд бүхний Эх амь бол байгаль дэлхий, ургамал, мод, уул ус, эрдэс баялаг гэж чиний хэлдэг түмэн зөв. Үр амины сүлд болох хүмүүс бид Эх амиа дээдэлж, шүтэж, түүндээ чадах чинээгээрээ эргүүлэн өгч амьдрах учиртай юм шүү. Үр амь нь Эх аминдаа буцаан өгч амьдарвал амьдралын тойрог битүүрч мөнхөд хүрнэ. Энэ бол монголчууд бидний байгаль дэлхийгээ шүтэж дээдлэх ёсны амин сүнс нь юм даа, үрс минь. Байгалийг хэрэглэхээсээ илүү шүтэж амьдар. Зөвхөн амин чухал хэрэгтэй зүйлээ л дэлхийгээс гуйж ав. Илүү бүү ав. Авсаныхаа хэрээр буцааж өг. Байгалиас ганц мод тасдвал хоёрыг тарь. Голоос хувин ус авбал тэр голынхоо эхэнд ганц мод тарь. Өгөх нь арай давамгайлбал мөнхөд чиглэнэ. Авах нь давамгайлбал мөхөлд чиглэнэ. Монгол гэх нэрийн учир ч энэ дээ, хө. Үгийн үндэс нь Мөнх гэсэн утга юм шүү. Өгөх нь өөрөө оршихуйг бүтээж буй явдал юм. Эх амь болох байгаль дэлхий хэнийг ч ялгаварлалгүй өгдөг юм шүү. Хар шар, баян хоосон, хулгайч хутагт, анагаагч алуурчин гэж ялгалгүй, бүхнийг адилхан өөрөөсөө тасдан тэжээдэг. Бүхэнтэй өөрийгөө хуваалцдаг. Хүн, чоно, ялаа, бүргэд бүгдийг ялгадаггүй. Бид дэлхий ээжийн үрс учраас түүний зарчмаар л амьдрах учиртай. Ингэж амьдрахыг жам гэдэг. Энэ бол хуваалцах, өгөх юм шүү. Жам гэдэг бол мөн чанар. Мөн чанар мөн л мөнхөд чиглэдэг. Үгийнх нь үндэс язгуур ч ийм. Бидний идэж буй хоол хүнс, амьсгалж буй агаар, уух ус бүгд Эх амь. Чи хоолгүй хэдэн сар амьдрах вэ? Усгүй хэд хоног, агааргүй хэдэн хором амьдрах вэ? гээд:

- Зөнөсөн өвөө нь олон юм бураад үрсээ залхаачихав уу даа? Хүүхдүүддээ нэмээд ганц зүйл захья. Манай дэлхий гаригаас өөр түмэн эрдэс, эрчмийг нэгтгэн төгс цогцолсон гариг үгүй юм шүү. Эрдэс биеийг нь хороож, ухаж, хөнөөж амьдардагаа болиод, дэлгэрүүлж, арвижуулж амьдарвал хүмүүс болох үрс нь эндээ буман жил эрүүл энх, амар амгалан оршиж, бурхад болтлоо хөгжих юм шүү. За алив, бяцхан байгаль хамгаалагчид минь, одоо та хоёр өвөөдөө хэл дээ. Хүмүүс бид эх дэлхийгээ хамгаалахын тулд нийтээрээ юу хийвэл зохих вэ? гэж асуугаад хариултыг нь ихэд сонирхох мэт толгой гилжийн, хулгар чихээ хүүхдүүд рүү хандуулахад Тогмид бодож түвдсэнгүй: 

- Байгаль дэлхийн баярын өдрийг бүх дэлхийгээрээ тэмдэглэдэг бол гоё оо? гэв. Тогмидын энэ санаа чалчаа Моломд ихэд таалагдсан бололтой сортосхийн босож, баясан инээгээд:

- Зөв дөө, залуус аа. Бидэнд амьдрал бэлэглэдэг эх дэлхийнхээ баярыг тэмдэглэж болохгүй нь юу билээ. Хүмүүс хэрэгтэй хэрэггүй, тоо томшгүй олон баярын өдөртэй. Дайнд ялж бусдыг алж зовоож, өөрсдөө булааж авсаны баяр, хүн айлгадаг баяр. Бас чиний нөгөө намар гацуур огтолж чимэглэдэг баяр гэх мэт... гээд “Дамба өвөөгийн яриаг сонсох гэтэл энэ муу чалчаа дундуур орчихлоо” гэсэн аятай Тогмидын төвөгшөөн харахыг үл анзааран мишээгээд:

- Улс бүрийн бүх баярыг нийлүүлбэл ямар тоо гарах бол? Энэ өдрүүдэд хүмүүс бусад өдрөөс илүү алж, идэж, мод цэцэг тасддаг. Тэгвэл яагаад ганц байгаль дэлхийн баярын өдөр байдаггүй юм бэ? Энэ өдөр гацуур огтлохгүй, харин тарина. Хонь, загас, шувуу хөнөөж махыг нь идэхгүй, харин хооллоно. Бие биедээ бэлэглэх гэж цэцэг тасдахгүй, харин тарина. Хороож авах бус, чадах чинээгээрээ байгальдаа өгч, тарьж, цэвэрлэх өдөр. Дэлхий нийтээрээ байгалиа шүтэж, хайрлах өдөр. Энэ нь цаашдаа бие биедээ туслах, хуваалцах, хайрлах шинэ соёлд хөтлөх болно.

Дамба: - Монголчуудын хувьд өдөр бүр нь та хэдийн яриад байгаа шиг өдөр байлаа шүү дээ. Өглөө босоод л хамгаас түрүүнд байгаль дэлхий, уул усандаа сүү идээнийхээ дээжийг өргөж, шүтэж, амиа тэтгэх төдий хамгийн бага авч хэрэглэдэг байсан юм шүү. Одоо ч энэ ёс үгүй болчихоогүй л байна гээд:

- Бүх дадлын суурь хүний бага ахуйд тогтдог учраас наад Эх Дэлхийн өдрийг чинь багачууддаа хандуулах нь зүйтэй дээ. Энэ сайхан баярын өдрөөрөө миний хүү юу хийх вэ? гээд Жигмэдийн зүг харав. Жигмэд энэ хөндийнхөн бүгдээр хүндэлдэг Дамба гуайд тоогдсондоо ихэд баясан, хөхиүн хөөртэй дуугаар:

- Ахтайгаа, ээжтэйгээ, бас Хүдэртэйгээ хамт голын эхэнд мод тарьж, шувуу хооллож, ойд хаясан хогийг түүнэ гэж бараг хашгирах шахам цовоо цолгиун хэлээд, үүнээсээ ичсэн мэт доош харж нусаа соржигнотол татав.

Молом: - Жигмэдийнхээ хөөрхөн санаачилгууд дээр нэмээд жаахан улс төржчихье. Засгийн газрууд байгаль экологийг хамгаалах шинэ хууль, зарлиг гаргах өдөр. Энэ өдөр их 7 шиг дэлхийн эрх мэдэлтнүүд хуралдаж том хэмжээний шийдвэрт хүрэх өдөр. Аа тийм, шатахуун түлш үрэн, ямбалж идэж, байгалийг тонохгүйн тулд онлайн хурал болгох хэрэгтэй юм байна даа. Энэ өдөр түлш шатахуун бага зарцуулж, явган алхаж, жинхэнэ хүрээ хүн шиг минималь өнгөрүүлэх өдөр гээд их л чухал үг хэлчихсэн аятай хоолойгоо засан чимээгүй болов. Энэ чимээгүйг цочоон Жигмэд хамраа шантайлган инээж: 

- Гоё доо, дэлхийн баярын өдөр гэж өөрийн эрхгүй хөөрөн хашгирахад бүгдээр гэр дайвалзтал инээлдэв. Ямар нэг зүйлд яарч, яриа зогсохыг анаж байсан Тогмид хурдхан босож Хөвчийн Дамбад наалдах шахан суугаад:

- Өвөө, би зүүдэлсэн ч байж мэднэ. Суварга хайрханы оройд аварга том цав цагаан гацуур байхыг харсан. Үнэхээр тийм хачин гацуур тэнд байдаг уу? гэхэд Дамба өвгөн хүүгийн дэлдэн чихийг өхөөрдөн чимхэж, паржигнасан бүдүүн хоолойгоор:

- Тийш авирч үзээгүй учраас хэлж мэдэхгүй нь дээ, үр минь. Чи өөрөө очиж харна уу даа. За үрс минь, үг олдож үхэр холдлоо шүү. Нар шингээгүй дээр харьж ижийнхээ санааг амраа гээд Моломд хандан:

- Үүрээр Суварга Хайрхан өөд Тогмидыг аваад яв. Хариултаа өөрөө харж сэтгэлээ амрааг гэж шийдэмгий хэлэв. 

Гэртээ ирсэн Тогмид хэдийгээр чалчаа Моломтой хамт явна гэхээс дургүй нь хүрсэн ч, том цагаан гацуур буй эсэхийг хурдхан л үзэхсэн гэж яарсаар нойр нь хулжжээ. Ганц шөнийг өнгөрөөх нь бүтэн жил өнгөрч буй мэт урт гэдэг нь. Догдолж яаран орондоо хөрвөөсөөр нэг л мэдэхнээ дугхийжээ. Хар үүрээр морин төвөргөөн сонсдож, явдал нь зөөлрөн гэрийнх нь ойр ирээд зогслоо. Энэ агшинг амьсгаа даран хүлээж байсан Тогмид ээж, дүү хоёроо сэрээхгүйг хичээн тавагтай ааруул, өрөмнөөс атгаж цэнхэр гялгар уутанд хийж өвөрлөөд, гутлаа сугавчилсаар гарав. Хөтөлгөө морьтой ирсэн чалчаа Молом Тогмидын толгойг илж шөнийг хэрхэн өнгөрүүлсэнийг нь мэдсэн мэт “Жил шиг урт шөнө өнгөрөв үү?” гэж шивнээд хариу сонсолгүй мордов. Зам ч хол байна даа.

Тэр хоёр зогсолгүй шогшуулсаар бага үдийн хэрд Суварга хайрханы хормойд ирж морьдоо чөдөрлөж орхиод дээш мацлаа. Тогмид амрангаа, өврөөсөө хүнсээ гаргасны буянд замын зугаа болох яриа өрнүүлж орхив. Чалчаа Молом хүний явах жим дээр унтсан мэт хөдөлгөөнгүй хэвтэх том хүрэн цохыг эвтэйхэн чимхэж замын хажууд тавингаа Тогмидын зүг урамгүй харж:

- Ээ дээ, чиний наад муу уут ч дээ. Хүн бүрийн хэрэглээ болсон хуванцар манай дэлхийг байгальд шингэдэггүй хогийн цэг болгоод хувиргачихсан юм даа. Хүмүүс жилд чиний барьж яваа шиг 500 тэрбум гялгар уут хэрэглээд хаядаг юм ш дээ. Энэ бүх хог далайд цутгаж, хөрсийг бохирдуулдаг гээд бод доо гэхэд Тогмид эгдүүцэн:

- Хуванцарыг ахин боловсруулдаг л гээ биз дээ? 

- Хмм, наадах чинь хүмүүсийг тайвшруулах гэсэн заль мэх. Хуванцарыг ахин боловсруулахад чанар нь мууддаг болохоор хүмүүсийн уур хилэнг намжаах гэж бүх хуванцар савны дөнгөж хоёрхон хувийг ганц удаа ахин боловсруулсан нэр зүүдэг юм аа. Жил бүр 8 сая тонн хуванцар далайд хаягддаг гэж би уншсан. Тэр нь биологийн задралд ордоггүй учраас байгальд уусахгүй биз дээ. Далайн амьтадын гэдэс гялгар уутаар дүүрч хэдхэн хоногт үхэж байна. Үүнийг зогсоохын тулд хүмүүс хэвшил, хандлагаа өөрчлөхөөс өөр замгүй. Бидний амьдарч байгаа энэ зууны хамгийн өндөр соёл бол байгалиа хайрлан хамгаалах, арвич хямгач хандах соёл л байх ёстой. Тийм үү? Адаглаад л хүнсний дэлгүүрүүд гялгар уут ашиглахыг хориглох хэрэгтэй.  

- Цаасан уутанд юмаа хийж зарах ёстой юм байна.

- Цаасан уутыг ч ганц удаа л хэрэглээд хаяхаас хойш ойг устгасаар л байх биш үү? Ахин дахин ашиглах даавуун уут дээр шүү дээ. Эдэлгээ даахаас гадна, хог болоод хаягдсан ч хөрсөндөө шингэчихнэ. Ийм хэвшил байгальд сайн нөлөөлөөд зогсохгүй хүмүүсийн байгальд хандах хандлага, соёлыг орвонгоор нь өөрчилнө биз дээ? гээд түр зогсож орчныг ажиглав. 

“Молом ах их юм мэдэх юм аа” гэж бодсон Тогмид доош харвал морьд нь тэртээ доор хомоол шиг жижигхэн харагдлаа. Хүү урьд өмнө ийм өндөрт гарч үзсэнгүй. Атиралдан мушгирсан гуу жалгууд, бөмбөгөр жижиг толгодыг харсан түүний сэтгэл гэнэт өөрийн эрхгүй догдолж, багтраад иржээ. Урьд өмнө ойртож ч үзээгүй энэ алс газар түүний зүүдэндээ үзсэн яг тэр л янзаар дурайн үзэгдэв. “Цорын ганц ялгаа нь одоохондоо мөхөж сөнөчихөөгүй л байна даа” гэсэн Тогмидыг бодлыг Моломын хоолойгоо засах чимээ таслав. Ингээд амарч зогсохдоо төдийгүй, явдал дундаа ч зам зуурт таарах хүн, амьтаны хөлд гишгэгдэж налсан бутыг тэгшлэн сэргээх Молом эгээ л “багш” шиг гайхмаар цэгцтэй ярих аж. Яриаг нь сонсох тусам Тогмидод хүндлэх сэтгэл аяндаа төрж, урьд өмнөх шиг бие, хөлнийх нь дутуу гажууг бус, далай шиг уудам их мэдлэг, эх дэлхийгээ хайрлах чин сэтгэлийг нь анзаарав. Сайхан яриа замын хань гэгчээр, уулын өндөрийг тоолгүй явсаар замынхаа хагасыг ардаа орхижээ. Эндээс Нарст хөндий бүхэлдээ газрын зураг шиг тод харагдах агаад, хүний гараар сүйдэж мөхөж буй нутгаа харсан Моломын харцанд гуниг тодорч гүнзгий санаа алдаад:

- Өнгөрсөн зуун байгалын эсрэг экоцидын зуун байж дээ. Энэ зууныг авралын зуун болгохоос өөрөөр амьд үлдэх зам үгүй биз. "Экологийн эсрэг нүгэл"-ийг бүх шашны сургаалд нэмж оруулбал мөн ч сайхан аа. 

- Экоцид гэнэ ээ?

- Экоцид гэж агаар, хөрс, усыг бохирдуулдаг, экосистемийг эвдэж, устгадаг үйл ажиллагаа гэх үү дээ. Энэ чинь бүх хүн төрөлхтний төдийгүй дэлхийн эсрэг хамгийн ноцтой гэмт хэрэг мөн биз дээ. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэг хамгийн хүнд гэмт хэрэг гэж хуульчлах ёстой, тийм үү? Цаашлаад улс орон бүхний хуулинд байгаль дэлхийн орших эрхийг хамгаас тэргүүнд хуульчилж, хүний эрх, өмчлөх эрхээс дээгүүрт тавьж байж л эх дэлхийгээ аварч үлдэж чадна биз дээ. Үүнийг л яаралтай хуульчлахыг бид улс төрчдөөсөө шахаж шаардаж байх хэрэгтэй юм шүү, дүү минь гээд их л гунигтай инээвхийлэв. Сонгуулийн өмнө л нарст хөндийд үзэгддэг дарга нарт Молом байнга энэ мэт шаардлага тавьж, амь амжиргаагаа бодсон нутгийнхандаа ад шоо болон хөөгдөж явдаг тухай ээж нь ярьдагсан. Молом Тогмидын “ахиад энд дарга ирвэл би дүүгээ дагуулаад хамт очноо” гэсэн аятай өрөвдөн харахыг ажигласангүй, хоолойгоо засаад:

- Байгалийг бид хурдан сүйтгэсэн шигээ хурдан цэвэрлэж унаган төрхөнд нь оруулж чадах л ёстой. Экологи бол айх, маргах биш, хийх л зүйл. Сэхээний орон дээр аврал эрэн хэвтэж буй эх дэлхийгээ анагаах хүч хүн төрөлхтөнд бий. Долоон тэрбум эмч байна шүү дээ. Хүмүүс хамтдаа дэлхийн гоо үзэсгэлэнг буцаан авчирч чадна, тийм ээ хө? гэж бараг хашгирах шахан хэлэхэд Тогмидын нүд сэргэж:

- Яааг тийм. Таны түрүүний хэлсэн шиг шашин үүнийг арван хар нүглийн хамгийн том нүгэл болговол ч…

- Зөв хө. Чи ч айхтар хэрсүү ухаантай, том эр болжээ. Энэ олон шашин анх үүсэх үед хүмүүс байгальд сүрхий аюул учруулж чадахааргүй байсан л даа. Одоо хүний тооноос эхлэн техник технологийн хүч нь байгалийг устгачихаж чадах хэмжээнд хүрч байна шүү дээ. Иймээс бүх шашин байгаль экологийн эсрэг гэмт хэргийг хамгийн аймшигтай нүгэлд тооцох хэрэгтэй. Энэ бол өнөө цагийн зайлшгүй шаардлага, тийм үү? Ингэвэл хүн төрөлхтний олонх болдог сүсэгтнүүдэд хатуу анхааруулга болно оо доо. Байгалийг хөнөөх нь нэг бус нийт амь амьдралыг хөнөөж байгаа хэрэг. Чингис хааны Их Засаг хуулинд ч “Нойтон бургас огтолсон хүнийг цаазал” гэж заасан байдаг даа. Нэг бус нийт амь амьдрах нөхцөлийг хөнөөж байгаа учраас тэр шүү дээ. Аавын хэлдэг Эх амийг хөнөөж буй учраас тэр. Бүх улс орон Эх амь хөнөөхийг хамгийн хатуугаар хуульчлах хэрэгтэй.

- Молом ах аа, намайг тан шиг том болох үед дэлхий ямар байх бол?

- Эхлээд бидний үеийн хүмүүс үнэлэмжийн дэс дарааллаа засах ёстой байх аа. Компаниуд болон засгийн газрууд орших, эс оршихыг шууд шийдэх байгаль дэлхийн асуудлаас илүү санхүүгийн асуудалд л анхаардаг. Өнөөгийн хүмүүс зөвхөн ашиг сонирхлоор л ойлгодог юм бол энэ цаг үед хамгийн дээд ашиг сонирхол нь байгаль экологи л юм шүү дээ. Байгаль экологийн үнэлэмжийг тэргүүнд тавьсанаар дэлхийд олон өөрчлөлт гараад зогсохгүй, ирээдүйн та нарын хандлагад ч нөлөөлнө. Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн цаана л гэхэд маш их зүйл байгаа. Одоогийн хүмүүс зөвхөн гадна ил харагдах зүйлсийг л харж маргалдсаар байна. Гэтэл үүний цаана эрчмийн тэнцвэр, бүүр түүнээс ч цаадах амин хэлхээ, хамаарал бий гэж аав ярьдаг. Энэ бүхнийг таньж мэдтэлээ одоогийн бид эх дэлхийгээ шүтэж, хамгаалах соёлтой байсан нь өлзийтэй. Энэ чинь жинхэнэ монгол соёл шүү дээ. Багаасаа байгалиа хайрлаж хамгаалах сэтгэхүй суусан та нар, цаашаа та нарын үр хүүхдүүд л өнөөгийн бидний ойлгож чадаагүй байгаль экологийн уялдаа, тэнцвэр, жамыг таньж мэднэ. Тэдний бүтээсэн шинэ шинэ технологиуд хөрс, ус, агаарыг богино хугацаанд цэвэршүүлж, нөхөн сэргээх хурд нь хүн төрөлхтнийг мөн ч гайхшруулна даа гээд хүүхэд шиг баясав. Тэгээд асуултандаа хариу нэхэх мэт өөрийг нь ангайн ширтэж буй Тогмид руу нүд ирмээд:

- Чамайг миний насанд хүрэх үед хязгааргүй цахилгаан эрчим хүчний технологи бий болж хүний бүхий л хэрэгцээг хангаж эхлэхэд хуучин цахилгаан станцууд хаагдаж, газрын тос, байгалийн хий, нүүрсний шаталт зогсож агаар, хөрс, усан дахь бүх бохирдол, хорт бодисууд арилна гээд бод доо. Газрын тос олгойдон гардаг байсан хуурай цөлүүдээс татсан хоолойнуудыг цэвэрлэж, буцаагаад тийш нь ус дамжуулахад ашиглаж ч болно шүү дээ. Дэлхийн нөөцийг устгаж сүйтгэдэг бүхэн түүх болно. Тээвэр, эмнэлэг, хүнсний үйлдвэрлэл, барилга, харилцаа холбоо одоогийн бидний төсөөлж ч чадахгүй гайхамшигтайгаар өөрчлөгдөнө. Дэлхий ээжээ хайрлаж халамжлах тусам энэ нь эрс өөрчлөлтийг авчирна. Дэлхий ухамсартай амьтан юм шүү дээ. Дэлхий ээжийн агуу сүнс хүний хичээл зүтгэл бүрийг гайхамшигтайгаар хариулна. Дэлхий бидний гэр төдий биш, бидний иддэг хүнс, амьдрах орчин, уух ус, амьсгалах агаар, ер нь бидэнд буй бүх зүйл шүү дээ. Та нар бидэн шиг том болох үеийг ах нь ингэж л төсөөлдөг дөө. Яриад л байвал дуусахгүй ээ хө. Би тун чалчаа хүн шүү дээ гээд, зорьсон газар ойртсон учраас “яриагаа зогсооё” гэсэн мэт Тогмидын толгойг илэн инээмсгэлэв.

Ойртох тусам Тогмидын дотор нь загатнан тэсэхийн аргагүй яарч догдолж байлаа. Хайрханы оройд гарсан тэр хоёр аянганд ниргүүлсэн мэт гацаж орхижээ. Яг урд нь хүний хэрийн өндөртэй бяцхан цагаан гацуур нарны туяанд гэрэлтэн харагдав. Хуснаас цагаан тэр гацуурын мөчрүүд яг л бяцхан царс мод шиг угалзарч махиралджээ. Тогмидын дотроос нэгэн том бул чулуу унасан мэт уужрав. Тэр юу хэлэхээ ч мэдэхгүй, хэлье ч гэсэн дуу нь гарахгүй догдолж хөөрчээ. Зүүд биш байж шүү дээ…

Энэ өдрөөс хойш Тогмид өөртөө итгэлтэй “том хүн” болжээ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл Нарст хөндийн хаана, юуг засаж янзлах хэрэгтэйг бүртгээд, өөрийн ганц цэрэг Жигмэдийг дагуулан байгаль хамгаалах үйлсэд зүтгэнэ. Хөвчийн Дамба тэдэнд элдвийг зааж зөвлөх агаад, Молом яг л бяцхан жаал шиг хөөрч баясан хаа явсан газарт нь хамт байж, тусалж дэмнэх ажээ. Нутгийнхан эхэндээ хоёр хүүг “Модтой ярьдаг Моломын хэнхэг шавь нар” хэмээн тохуурхдаг байснаа удалгүй тэдний хийж бүтээж буй бүхэн урган цэцэглэхийг бахдан харж, сайшаан ярилцдаг болов. 

Гацуурын төгөлд тасдахаар ирж байсан Тогмид тарихаар ирдэг болжээ. Түүдэг Тогмид тарьдаг Тогмид болжээ. Удалгүй мод суулгах, ой хөвчийг цэвэрлэх ажилд суурингийнхан чадах чинээгээрээ оролцох болов. Огт баяр жаргалгүй, уйтгартай дүнсгэр хөндийнхөн байгаль дэлхийгээ халамжлан хамгаалагч арми болцгоолоо. 

Ахин намар ирэхэд шинэхэн гацууруудын зарим нь хүний хэртэй өндөр ургажээ. Тогмид хамгийн өндөр ургасан бяцхан гацуурын дээр аавынхаа, бас өөрийн урласан модон тоглоомуудаа өлгөв. Түүний тарьсан “анхны мод”. Энэ үгийг алгын чинээ модон дээр сийлж хамгийн том мөчирт нь зүүв. 

Сар, улирал шил даран хөвөрсөөр. Тогмидын тарьсан гацуурууд хөөрхөн ургасныг харсан нарст хөндийнхөн хуурай сайрын дэргэд амьд үлдсэн хэдэн бургасны мөчрөөс нямбайлан тайрч үндэслүүлээд ширгэсэн голын эхэнд тарьж, хавь ойрыг нь цэмбийтэл цэвэрлээд хоёр жил тойрон арчилж тордсоны буянд бяцхан горхи шоржигнон урсах нь тэр. Олон жил тасарсан гол амилан, Нарст хөндийн дундуур мөнгөн утас шиг жирэлзэн урссаар нэгэн салаагаараа Гацуурын төгөлийн дэргэдэх дугариг нуурын хатсан тогоог чийглээд, цааш урсаж, алс тэртээд угалзрах Орхон голыг сэлбэхээр чиглэв. Бөмбөрцгийн хөл хөдөлгөөнийг тушсан цар тахлын үеэр суурингийнхан зав чөлөөгүй ажиллаж байлаа. Өдрөөс өдөрт өнгө орж дэлгэрэх Нарст хөндий хүмүүст урам, итгэл авчирсаар. 

2022 он гарч, хөл хорио тавигдан, хөдөлгөөнөөр цангасан хотынхон аль үзэсгэлэнтэй сайхан газруудыг зорин тарцгаав. Дунд оврын автобустай арав орчим аялагч хүүхдүүдээ дагуулан Нарст хөндийд иржээ. Тэр хавьдаа хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь шинэхэн модод халиуран найгах гацуурын төгөл, түүний дэргэдэх шувууны нүд шиг дугариг нуур авай. Аялагчид энд өнгө өнгийн майхнаа алаглуулан бууцгаав. Үдэш болж тэд бөөгнөрөн шорлог шарж, бас ч үгүй ганц нэг хундага тогтоон дуулалдах үед хүүхдүүд нь дугариг нуурын дэргэдэх талбайд гар бөмбөг тоглох ажээ. 

Гэнэт хэн нэгний хүчтэй цохисон бөмбөг өнхөрсөөр нууранд унав. Энэ үед нуурын эрэгт тоглож байсан бяцхан хүү бөмбөгийг авхаар тонгойх нь гацуурын төгөлөө эргэж явсан Тогмидын нүднээ тусчээ. Өнөөх хүү нууранд унаж, хүүхдүүд хашгиралдан, энэ дуунд аялагчид цочирдон босоцгоох нь Тогмидын нүднээ удаашруулсан кино бичлэг шиг харагдлаа. Тэрбээр хар хурдаараа гүйн очиж нуур руу үсрэв. Усгүй хөндийд өссөн тул сэлэх гээчийг сураагүйсэн. Гэвч хүүг шүүрэн авч байдаг чадлаараа урагш зүтгэсээр хэн нэгний гарт атгуулаад өөрөө цааш хөвснөө, усанд сорогдох мэт далд орлоо. Араас нь хоёр залуу орсон боловч Тогмидыг олсонгүй. Тарьдаг Тогмид дугариг нуурандаа үүрд шингэсэн мэт үгүй болжээ. 

Нэг мэдэхнээ Тогмид агаарт хөөрч, дугариг цэнхэр нуурын мандалд хөвөх өөрийнхөө биеийг олж харав. Би ингээд л үхчихлээ гэж үү дээ? гэж бодсон ч, цочиж балмагдсангүй, ер бусын тайван байлаа. Шинэ биедээ дасаж, хүссэнээрээ биеэ хувирган байтал урд нь хэсэгхэн усны уур шиг юм харагдсанаа утаа шиг өтгөрч нүүр, ам тодров. Тэрээр нуугисан бүдэгхэн дуугаар:

- Хүү минь, ойн савдаг намайг санав уу? гээд Тогмидыг утаан биеэрээ ороон тэвэрч:

- Чи мэддэг чаддаг бүхнээ, амиа ч бусдын төлөө өглөө. Энэ удаад ирээдүйд ахин зочлохоос айж байна уу? гээд нуг нуг инээв. Тогмид өөрийнхөө бүтээлцсэн ирээдүйд санаа зовсонгүй. Тэрээр, өөрөө тарьж ургуулсан шинэхэн гацуурыг төгөлийг, мөнгөрөн урсаж буй голыг хараад аз жаргал дүүрэн инээв. Шавхарч хоосорсон хуурай сайр Нарст хөндийн хэдхэн хүний зүтгэлээр сэргэжээ. Очсон газар бүрээ дэлгэрүүлж, цэцэглүүлэн үржиж байдаг хүн гээч нь энэ гаригийн бурхад ч байж чадах ажээ. Тогмид ирээдүйг ахин харна гэхээс тэсгэлгүй ихээр баярлаж догдлов. 

ИРЭЭДҮЙД АЯЛСАН НЬ 2: ДИВААЖИНГААС ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ

Төсөөллөөс давсан сүрлэг гоо үзэсгэлэн нүдний өмнө дэлгэгдэв. Хүн төрөлхтөн анх үүсэх цагт ч дэлхий ийм эрхэмсэг сайхан байгаагүй л байх. Тэртээх ёроолын чулууд нь ч нүдний өмнө мэт тодхон харагдах номин цэнхэр өнгөтэй дугариг нуурын эрэгт жаргалтайяа шулганан тоглох бяцхан хүүхдүүд гүйлдэнэ. Энд яг л диваажин шиг нүд гялбам үзэсгэлэнтэй агаад ямар ч аюул үгүй. Ийм их баяр хөөрийг Тогмид шуналтайяа ажиглана. Хүн жаргах гэж л төрдөг аж. 

Гэнэт, нэг л танил дотно дуу алсаас сонсдов. Энэ биенд хараа, сонсгол, ер нь бүхий л мэдрэхүй нь төгс юм. Их л настай хүний хоолой. “Жигмэд Тогмид хоёр Жимсэнд хамт явжээ…” Тогмид холгүйхэн байх үзэсгэлэнт ойд иржээ. Энд байгаа бүхэн нэг л танил дотно. Үгүй ээ, энэ чинь гацуурын төгөл байна шүү дээ. Ялгаа нь диваажингийн цэцэрлэг гэлтэй сүрлэг сайхан ой болжээ. Үүлэнд шүргэм өндөр цэх гацуур моддыг арчилж тордох цал буурал өвгөн дуулж байв. Үзүүртээ дугариг хар мэнгэтэй шантгар хамрыг нь харсан Тогмид ихэд гайхан догдолж “Жигмэд” гэж дуу алдсан боловч өвгөн түүнийг огт анзаарсангүй, цааш эргэн хувинтай ус аваад, хамгийн том сагсгар гацуурыг нямбайлан услав. Байз, энэ чинь юу гээч нь вэ? Тэр аварга гацуурын мөчрүүдэд бяцхан модон тоглоомууд зүүлттэй байна. Өөрийнх нь зорсон ур дүй муутай тоглоомууд яг мөн. Морь, хонь, нохой, хэрэм. Бас аавынх нь гоёмсог урласан бар, луу, мич ч үзэгдэнэ. Гацуурын хамгийн бүдүүн мөчирт “Анхны мод” гэсэн бичигтэй модон пайз зүүлттэй байлаа. Энд хэсэг догдлон саатсан Тогмид элдвийг асуух гэсэн боловч харамсалтай нь өвгөн түүнийг харахгүй. Энэ удаад ирээдүйд хамт аялж буй ойн савдаг нисэн ирж Тогмидыг угзчин татаад “Тэрийг хар даа” гэж бараг хашгирав.

Ойн захад мөнөөх хүрэл хөшөө харагдах нь тэр. Ихэд нямбайлан өнгөлсөн энэ гоёмсог хөшөөний эргэн тойронд өнгө өнгийн цэцэгс алаглаж, бор шувууд хөгжилтэйеэ жиргэнэ. Нарны гэрэлд ихэмсэг гялалзах хөшөөний нүдийг хартал жаргалтай инээмсэглэж байлаа. Урьд нь энд ирэхэд байсан тэр халтар хөшөө яг мөн. Одоо харин хэн гэдэг нь танигдахаар тод харагдана. Арав гаруй насны жаалхүү ажээ. Зүүн гартаа гацуурын мөчир тэвэрч, баруун гартаа хүрз барьсан тэр жаал… “Бурхан минь, надтай их төстэй юм” гэж Тогмид дуу алдлаа. Цэмцийтэл зассан дулаан хонгилынх нь хананд ямар ч бичээс байсангүй. Харин нар, сар, цэцэгс зурсан өнгө өнгийн дугтуйнууд, бас цаасаар нугалж хийсэн шувуудыг хана дагуулан өлгөжээ. Энэ бүхнийг хүүхдүүд урласан нь илт агаад аз жаргал, баярын сэтгэгдэл төрүүлнэ. Тогмид дугтуйнуудад буй захидлуудад юу бичсэнийг сониучирхан уншихыг хүсэвч утаа мэт хий гар нь нээж үл чадна. Хязгааргүй их хүслийг нь биелүүлэх гэсэн мэт ойн савдаг байдаг чадлаараа эргэлдэн нисэхэд салхи сийгэн хөдөлж, өнгө өнгийн утсаар өлгөсөн дугтуйнууд савчин хөдлөөд нэгэн захидал сугаран унаж газарт дэлгэгдлээ. Ихэд нямбайлан алдаагүй бичсэн бичээсүүд харагдав. 

“Энэ захидлаа би сахиулсан тэнгэр мэт хайрт эмээгийнхээ үеийнхэнд зориулан бичиж байна. Яг одоо, эргэн тойронд хүүхдүүд хөөрч баясалдан тоглож байна. Эмээгийн минь үеийн хүүхдүүд бидэн шиг баярлаж, хөөрөх гэж биш, бие биенээ хожиж, ялах гэж тоглодог байсан гэнэ билээ. Тоглоом биш, тэмцэл тулаан мэт байжээ. Бусдын дээр гарах гэж өөрсдийгөө ч хүчлэн зовоодог байж. Ялсан нь оодорч, ялагдсан нь гутарна. Том хүмүүс ч талцаж хуваагдахын дон шүглэсэн мэт бүгд л хоорондоо өрсөлдөж, тэмцэлддэг байсан гэдэг. Итгэмээргүй. Улс орон болж хэдэн зуун хэсэгт хуваагдаад төмөр сараалжаар тусгаарлаж, цэрэг гэдэг буутай хүмүүсээр мануулдаг. Тэдгээр улс орнууд ч мөнөөх тэмцээн шиг хоорондоо дайтаж, хүн нь хүнээ алдаг, хүн хүнээсээ айдаг тийм л цаг байсан гэдэг. Тэр цаг үеийн тухай түүхийн хичээл дээр бичсэн тэмдэглэлээ энд оруулъя. Багш бидэнд дэлхийг өөрчилсөн хамгийн чухал хуулийн тухай ярьсан юм.

Тэр цагт дэлхийд бүхнээс дээгүүр хуульчлагдан дархлагдсан зүйл нь хувийн өмч байсан гэдэг. Энэ нь хөгжсөөр амьд дулаан харилцаа бус, харин амьгүй хүйтэн систем болон хувирч, хүмүүс төдийгүй өмчийн эзэд нь ч энэ системийнхээ боол болжээ. Бүхний дээр хуульчлагдан дархлагдсан өмчийн сүлжээ улам томорч, томрох тусам улам сувдаг болж бүхнийг, эцэстээ дэлхийг ч идэж, устгаж эхэлсэн юм. Аварга том үйлдвэрүүд хоорондоо булаалдан дэлхийн бүх нөөц баялгийг ховх сороод зогсохгүй утаа тортог, хог хаягдал нь газар, ус, агаарыг бохирдуулж мөхлийн ирмэгт аваачжээ. Гэвч тэд зогссонгүй, эцсийн баялгийн төлөө улайран тэмцэлдсээр л байж.

Амьд бүхний гэр нь, амь нь болсон эх дэлхий нь мөхөж буйг харсан хүмүүс санаа нэгдэн тэмцэж эхэлжээ. Тэр үед бүх шийдвэрийг гаргадаг байсан улс төрчид гэх хүмүүс тэдний хүсэж, шаардаж байгаа бүхнийг хийхээс өөр гарцгүй болжээ. Ингэж байгаль дэлхийн эрх бүхний дээр, мөнөөх аймшигт хувийн өмчийн ч дээр хуульчлагдан дархлагдсанаас хойш байгаль дэлхий төдийгүй нийгэм, хүмүүс ч хувирч өөрчлөгдсөн гэдэг. Яг л ид шид шиг. Өмчийн амьгүй систем нурж, амьд харилцаа эргэн иржээ. “Би” гэх өөрийгөө тусгаарлах үзэл санааны оронд “Бид” хэмээх эв нэгдлийн ухамсарт хүн төрөлхтөн шилжсэн гэдэг. Энэ нь одоогийн бидний “Бүгд нэг” гэх сэтгэлгээний эхлэл байжээ. Хүмүүс бие биеэсээ айдаггүй, харин хайрладаг цаг үе ингэж иржээ. Хүнд байдаг муу муухай чанарууд байгалийг дүүргэсэн хог хаягдалтай хамт утаа шиг хийсэн арилсан юм. Тэр муухай чанаруудтай хамт зовлон зүдгүүр гээч юм ч дэлхийгээс арилав. Байгалийн сүйрэл гээч урьдны зүйл огт үгүй болж дэлхий мөхөл уруу бус, бидний одоо амьдарч буй диваажин өөд чиглэсэн ажээ.

Манай Нарст хөндийд энэ агуу ажлыг удирдсан хүн нь хайрт эмээгийн минь найз Жигмэд өвөө юм. Жигмэд өвөөгийн ах болох, хүүхэд насандаа тэнгэрт хальсан Тогмид энэ бүхний эхлэлийг тавьсан гэдэг. Түүнд зориулж “Тарьдаг Тогмид” хэмээх энэ хөшөөг босгосон ажээ. Жил бүр Эх дэлхийн баярын өдрөөр хүмүүс хүүхдүүдээ хөтлөн энэ хөшөөн дээр ирж, сургуулиа төгссөн хүүхдүүд өмнөх үеийн эрэлхэг зоригт хүмүүст зориулан захидал бичиж үлдээдэг уламжлалтай. Би ч сургуулиа төгсөөд энэ захидлаа Түүдэг Тогмидын хөшөөний дэргэд бичиж байна. Түүний дүү зуун арван хоёр настай Жигмэд өвөө ахынхаа тарьж ургуулсан энэ гацуурын төгөлд одоо ч амьдарч байгаа. Ийм гайхамшигт диваажинг бүтээж бидэнд үлдээсэн 21 зууныг түүчээлэгч агуу их баатрууд та бүхнийг гүнээ хүндэтгэн мэхийн ёсолъё. Та нар бидний бурхад” 

Энэ мөрүүдийг догдлон уншсан Тогмид аз жаргал, баяр бахдалаар бялхан дүүрэв. “Модтой ярьдаг” Моломын мөрөөдсөн бүхэн биелсэн байна шүү дээ. Хүмүүс дэлхийг диваажин болгож чаджээ. Тэрбээр, аз жаргалаар дүүрэн ирээдүйн энэ цаг үед үлдэхийг, тэр тусмаа ахин хүн болж төрөхийг хязгааргүй ихээр хүсэв. Энэ хүслээс ундрах долгис хааш чиглэж буйг харсан ойн савдаг “Хамгийн ихээр хүсэж тэмүүлж буй зүйлдээ татагдах нь ертөнцийн хууль юм даа” гэж шивнээд, чухам аавынх нь л тэр дотно харцаар харж догдлон инээмсгэлэв. 

Яг энэ агшинд Нарст хөндийд нэгэн хүү мэндэлж, часхийн уйлах дуу нь аз жаргалаар дүүрэн гацуурын төгөл даяар цуурайтахтай зэрэгцэн 22 дугаар зууны 22 дугаар оны зуны дунд сарын наран мандав.

Д.Мөнхөл  2022-4-28


Comments

Popular posts from this blog

АМИН СҮЛДЭЭ ЭРЭХҮЙ